Арт Деко агуулахыг бүжгийн төв болгон шинэчилнэ
MAD Роттердамын 1920-иод оны Арт Деко агуулахыг бүжгийн төв болгон шинэчилнэ
Маас мөрний эрэг дээрх 1923 оны агуулахын барилга 2030 онд Danshuis бүжгийн төв болж ашиглалтад орно.
Ма Янсун (Ma Yansong) тэргүүтэй MAD Architects компани Роттердам хотын боомтын бүсэд байгуулах Danshuis бүжгийн төвийн зураг төслийг танилцууллаа. Төслийн хүрээнд Маас мөрний өмнөд эрэгт 1923 онд баригдсан Арт Деко хэв маягийн агуулахын барилгыг шинэчлэн, шинэ зориулалтаар ашиглах бөгөөд 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Агуулахын барилга MAD-ийн саяхан ашиглалтад оруулсан Fenix цагаачлалын музейн хажууд байрладаг. Нийт 95 000 квадрат фут (ойролцоогоор 8800 м²) талбай бүхий уг барилгыг бүжгийн бүтээл туурвих, хөгжүүлэх, олон нийтэд толилуулах төв болгон өөрчлөх юм. Энд мэргэжлийн бүжигчдээс эхлээд сонирхогчдод зориулсан олон төрлийн хөтөлбөр хэрэгжинэ.
Төсөлд 14 бүжгийн студи, нээлттэй тавцан (подиум), фитнесийн танхим, үзэсгэлэнгийн талбай, кафе багтжээ. Дээвэр дээр байрлах «Salle des Fêtes» танхимд олон хүн оролцох томоохон арга хэмжээ зохион байгуулах боломжтой бөгөөд эндээс Роттердамын боомт бүхэлдээ харагдана. Барилгын давхруудыг босоо танхимаар (фойе) холбож, дээврийн арга хэмжээний танхим хүртэл хүргэнэ. Мөн гадна талбайг Маас мөрний эрэг хүртэл үргэлжлүүлэн төлөвлөсөн байна.
«Хөдөлгөөн энэ дүүргийн өнгө төрх, онцлогийн нэг хэсэг болно. Хүний хөдөлгөөний гоо зүй, бүжгийн агшин мөчүүд Fenix-тэй уялдан, хоёр барилгын хооронд тасралтгүй харилцан яриа өрнүүлнэ» гэж MAD-ийн үүсгэн байгуулагч Ма Янсун төслийн талаар ярьжээ.
Энэхүү төслийг танилцуулахаас хэдхэн хоногийн өмнө MAD компани Лос-Анжелес хотод баригдаж дууссан Лукасын өгүүлэмжит урлагийн музейн (Lucas Museum of Narrative Art) дотоод орчныг анх удаа олон нийтэд үзүүлсэн юм. Тус музей есдүгээр сарын 22-нд нээлтээ хийнэ.
Зохиогч: Ниалл Патрик Уолш (Niall Patrick Walsh)
Нийтэлсэн: 2026 оны 9 дүгээр сарын 7
Орчуулсан: Энхмэнд /Translator
Редактор: А.Саруул
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.
